Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ


Ардын Түр Засгийн газар 1921 оны 07 сарын 10-нд анхны таван яам байгуулахдаа Шүүх явдлын яамыг байгуулж, шүүн таслах үүргийг эрхлүүлэх болсон нь Манжийн үеийн шүүн таслах харгис хууль, хэрцгий шүүхийн ажиллагааг таслан зогсоож, эдүүгээгийн шүүх байгууллагын эхлэлийг тавьжээ.
Орон нутагт засаг захиргааг ард нийтийн сонгуулиар шинэчлэн байгуулах үед 1923 онд аймаг, хошуудад "Зарга шийтгэх хэлтэс” нэртэй анхны шүүн таслах ажлыг эрхлэх тогтолцоог анх бий болгосон байна. Монгол Улсын 1924 онд хуралдсан анхдугаар Их хурал анхны Үндсэн хуулийг баталсанаар Төв, орон нутагт шүүн таслах хэргийг тусгайлан байгуулахаар заасан нь Шүүх засаглалыг жинхэнэ ёсоор байгуулах үндэс нь болов.
Цэцэрлэг Мандал аймгийн 1927 оны 09 сард болсон 5-р хуралд аймгийн дарга Гиваабалжир илтгэлдээ: Аймгийн зарга шийтгэх газрыг татан буулгаж, Шүүх таслах газар эрхлүүлж ялган салгав. /УТТА.сх-132.у-1.хн-186/
 
1925 онд хуралдсан Улсын хоёр дугаар Их хурлаас” Харьяат улсын ерөнхий байдлыг шинэтгэн ардын эрхийг хүндэтгэсэн ёсонд зохицуулан, шүүн таслах газруудыг үндсээр нь шинэчлэн байгуулбал зохино. Учир иймийн тулд шинэ шүүх таслах газрын үндсэн зорилго нь олон ард түмний ашиг тусыгхамгаалах ба олон ардын зоригийг дагуулан байгуулсан ардын эрхт улс төрийг хамгаалахад оршино” хэмээн тунхагласны үндсэн дээр шүүх байгуулах тухай асуудлыг Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар тус тус хэлэлцэж " Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”–ийг батлан гаргаснаар Монголын шүүхийн байгууллагын тогтолцооны эх суурь тавигдсан түүхтэй.
 
1926 онд Цэцэрлэг Мандал аймгийн яамны дэргэдэх зарга шийтгэх хэлтсийг Архангай аймгийн шүүн таслах газар болгон өөрчилж, дарга, нарийн бичгийн дарга, байцаагч, зарлага гэсэн таван орон тоотой ардын жинхэнэ төлөөлөгч 6, орлогч төлөөлөгч 3 хүнтэй байгуулагдаж байжээ.
Хошууны шүүхүүдийг байгуулж түүнд ардын жинхэнэ төлөөлөгчөөр 12, орлогч төлөөлөгчөөр 6 хүнийг сонгон байгуулсан бөгөөд аймгийн шүүхийн анхны даргаар Д.Баярыг томилон ажиллуулжээ.
1926 оны 4 сарын 16-ны өдрийн "Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм” батлагдсанаар энэ өдрийг Монгол Улсад шүүх байгуулагдсан өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон билээ.
 
1931 онд орон нутгийн захиргааны өөрчлөлтөөр хошууны шүүхийг татан буулгаж 43 сумын нутаг дэвсгэрээр харъяалсан ангийн шүүх 3-ыг байгуулан ажиллуулж байгаад иргэний хэргийг сумын дарга хянан шийдвэрлэдэг болгож, ангийн шүүхүүдийг татан буулгасан байна.
 
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 20 дугаар тогтоолоор Сумын захиргаадыг шүүн таслах үүргээс чөлөөлснөөр тус аймагт 22 сум харъяалсан Хэсгийн нүүдлийн шүүхийг Тариат, Эрдэнэмандал, Хотонт, Батцэнгэл суманд байгуулж, аймгийн шүүх удирдлагаар хангаж ажиллах болжээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 262 дугаар зарлигаар аймгийн шүүхэд хяналтын шатны эрхийг олгосноор нүүдлийн шүүхийн шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийг хянаж шийдвэрлэдэг болж эрх хэмжээ нь өргөжсөн байна.
 
Шүүхийн орон нутгийн байгууллагын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 315 дугаар зарлигаар Хэсгийн ардын шүүхийг татан буулгаж, оронд нь аймгийн Нүүдлийн шүүхийг байгуулжээ.
 
Мөн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 159 дүгээр зарлигаар Хэсгийн ардын шүүхийг суманд дахин байршуулах болж, аймгийн шүүхийн дарга, орлогч дарга, гишүүн, арбитрч, шүүгчид, ахлах тогтоол гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга зэрэг 20 гаруй орон тоотойгоор ажиллаж, жилдээ 221,2 мянган төгрөгний төсөвтэй, шүүгчдийн 83.3 хувь нь хууль зүйн дээд, дунд мэргэжилтэй, бусад ажиллагсдын 35.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 88.8 хувь нь дунд боловсролтой хүмүүс ажиллаж байв.
 
1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар Шүүхийн тухай хууль 1993 онд батлагдаж хэрэгжсэнээр, шүүхийн тогтолцоо шинэчлэгдэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх шатны шүүх, дагнасан шүүх, Захиргааны хэргийн шүүх, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах асуудлууд хуульчлагдаж байгуулагдав.
Аймагт шүүхийн Тамгын хэлтсийг байгуулж, удирдлага зохион байгуулалтын шинэ бүтэц бий болж, бүрэлдэн тогтсон байна.
 
Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу шүүхийн тогтолцоо нь Улсын Дээд Шүүх буюу хяналтын шатны шүүх, Аймаг нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүх, Сум буюу сум дундын, дүүргийн шүүх буюу анхан шатны шүүхүүдийг байгуулж, бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Мэргэжлийн Хорооны дүгнэлтийг үндэслэн Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог болсон нь урьд өмнө манай улсад байгаагүй, улс төр, эрх зүйн гүн утга агуулгатай цоо шинэ үйл явдал бөгөөд Монгол Улсад бие даасан хараат бус шүүхийнтогтолцоог жинхэнэ " Засаглал "гэсэн утгаар нь төлөвшүүлэх ажлын эхлэл болов.
 
Монгол Улсад дагнасан шүүх болох Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд батлан гаргаж улмаар 2004 оны 6 сараас улс даяар шүүхүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Анх хоёр орон тоотой байгуулагдаж байсан Аймгийн шүүх дагнасан шүүх буюу захиргааны хэргийн шүүх, Анхан шатны шүүх буюу сум дундын шүүх, тамгын хэлтэс тус тус ажиллан аймгийн шүүх 4, захиргааны хэргийн шүүх 2, сум дундын шүүх 6 шүүгчтэй, Шүүхийн тамгын хэлтэс 21, нийт 33 орон тоотой шүүн таслах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Шүүхүүдэд ажиллаж байгаа нийт шүүгчид нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, бусад хуулиудад заасан болзол шаардлагыг хангасан, хууль зүйн дээд боловсролтой, дадлага туршлагатай хүмүүс ажилладаг. Тамгын хэлтсийн ажилтнуудын 59.1хувь нь дээд боловсролтой, бусад нь тусгай дунд, бүрэн дунд боловсролтой шүүхийн хүний нөөцийн бодлогод нийцсэн хүмүүс юм.
 
Дэлхийн банкны Шүүх эрх зүйн шинэчлэлт төсөлтэй хамтран шүүхийн байрны дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, шүүгч тус бүр нэг өрөөнд ажиллах боломжтой, шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцлийг бүрдүүлж, компьютер, техникээр бүрэн хангагдаж,интернет, дотоод сүлжээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болов.
 
Аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүс;
 
1.Баяр /1926-1928/
2.Дэмчигдорж /1928-1931/ 
3.Гончигсүрэн /1931/
4.Чойжил /1931-1932/

5.Дашийцоодол /1932-1933/ 


6.Дашжид /1933.02.28/
7.Дашдаваа /1933.07 сараас/ 
8.Дашийцоодол /1934/
9.Өлзийхутаг /1934/ 
10.Дашдаваа /1937-1938/ 
11.Жанцансамбуу /1938-1939/ 
12.Нямбуу /1939-1940/ 
13.Хасбазар /1940-1942/
14.Баярмагнай /1942/

15.Батсуурь /1942-1943/

16.Гүндсамбуу /1943-1945/ 
17.Баярмагнай /1945-1947/
18. Сүрэнхорлоо /1947-1953/
19. Шагдар /1953-1955/
20. Цэрэнбалтав /1955-1957/
21. Лувсандорж /1957-1959/
22. Ёндон /1959-1960/
23. Энэбиш /1960-1962/
24. Пунцагцогвоо /1962-1964/
 25. Ёндон /1964-1965/

26. Банзрагч /1965-1968/

27. Д.Данзандорж /1968-1973/
28. С.Намнансүрэн /1973-1980/
29. Г.Даваа /1980-1990/
Ерөнхий шүүгчээр 
30. Д.Дамдиндорж /1990-2000/
31. Ц.Батсүрэн /2000-2002/
32. Д.Эрдэнэбилэг /2002-2010/
33. С.Пүрэвсүрэн /2010-2012/
34. Т.Даваасүрэн /2012 оноос/
 
Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүс;
1. А.Ичинхорлоо /1993-2001/
2. Б.Тунгалагсайхан /2001-2004/
3. Б.Түмэнбаяр /2004-2007/
4. Б.Дашдондов /2008-2012/
5. В.Цэцэнбилэг/ 2012 оноос/
 
Захиргааны хэгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
1. Б.Одонтуяа /2014 оноос / 
 
Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс;
 
1. П.Долгормаа /1993-1994/
2. Ч.Ууж /1994-2008/
3. Б.Алтанчимэг /2008-2012/
4. Н.Батхүү /2012-2013/
5. Ж.Ундармаа /2013-2014/
6. Д.Мөнхбат /2014/

7.Ц.Эрдэнэцогт/2015 оноос/


2012 онд Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хууль, Шүүхийн захиргааны удирдлагын тухай хууль зэрэг шүүхийн багц хуулиуд хүчин төгөлдөр болон хэрэгжсэнээр, шүүхийн тогтолцоо эрс шинэчлэгдэн, эрх зүйн орчин хөгжингүй орнуудын хэмжээнд хүрч, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэс улам баталгаажин, шинэчлэгдэх юм.
 

    Архангай аймгийн шүүх нь жилд дунджаар 130 орчим эрүүгийн хэрэг, 600 гаруй иргэний хэрэг, 300 гаруй захиргааны зөрчилд арга хэмжээ авч, Захиргааны хэргийн шүүх 30 гаруй захиргааны хэрэг шийдвэрлэж, Давж заалдах шатны шүүх дунджаар 80 орчим эрүү, иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, нэг шүүгч дунджаар жилд 130 орчим хэрэг маргаан шийдвэрлэдэг, нэг шүүгчиийн ажлын ачаалал жилээс жилд нэмэгдэж байна.


Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304