Хураангуй бэлтгэсэн:
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоол,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шүүхийн шийдвэрийн тойм: 2026.03.09 №01
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө бага насны хохирогч С-г цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 02 дугаарын сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд О нь шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан.
Шүүх хүүхдийн эх О-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир улсын яллагч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан тул хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/132288?daterange=2026-01-01%20-%202026-03-09&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү