Эвлэрлийн гэрээний тухай ойлголт
Эвлэрлийн гэрээ гэдэг нь өргөдөл гаргагч, уригдагч талуудын маргаантай буюу санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд тэдний хооронд бичгээр хийсэн хэлцэл юм.
Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай уулзалт зохион байгуулж, маргааны талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн оролцох ба талуудын тохиролцооны агуулгыг талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулдаг.
Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон эвлэрүүлэн зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.