Хураангуй бэлтгэсэн:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШШ2024/0012 дугаартай шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2024 оны 10 дугаар сарын 21, Дугаар 9
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийн мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн М нь А аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар маргасан.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Учир нь,
А аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч М-г томилохдоо төрийн албаны тусгай шаардлага хангаагүй байсан тул түүнийг нийгмийн ажилтнаар түр ажиллуулж байжээ.
Нэхэмжлэгч А нь нийгмийн ажилтнаар түр ажиллаж байгаагаа, төрийн албаны тусгай сонгон шалгаруулалт өгөх үүрэгтэйгээ мэдэж байсан бөгөөд тус газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр болон жинхлэн томилогдож байгаагүй, уг албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө тухайн албан тушаалын цалин хөлсийг авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөх эрх нь нээлттэй, харин тусгай шалгалтын хувьд тухайлсан албан тушаалын шаардлагыг хангаж буй ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэд оролцох эрхтэй.
Нэхэмжлэгч М-ийн хувьд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохын тулд төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд орсон, улмаар тусгай шалгалт буюу сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн, цаашлаад томилогдсон албан тушаалдаа тангараг өргөж баталгаажуулсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг бүрэн хангаснаар төрийн жинхэнэ албан хаагчийн болзол шаардлагад тэнцсэн гэж үзэх бөгөөд ингэснээрээ хуульд заасан бусад баталгаагаар хандагдах эрх үүсэхээр байна.
Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх шалгуурыг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Энд дарна уу
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа